2025 оны байгалийн шилдэг гэрэл зургаар Э.Мөнхчулууны "Тайгын үр сад" шалгарав

2025 оны байгалийн шилдэг гэрэл зургаар Э.Мөнхчулууны "Тайгын үр сад" шалгарав


   Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг - 2025" олон улсын уралдааны ялагчид өчигдөр тодорлоо. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор болдог уг уралдааны "Шилдэгийн шилдэг"-ээр Э.Мөнхчулууны "Тайгын үр сад" зураг шалгарсан байна. Дундговь аймгийн харьяат гэрэл зурагчин Э.Мөнхчулуун жирийн хүмүүсийн аж амьдрал, байгалийн үзэгдэл юмс, цаг уурын өөрчлөлт, нийгмийн сайн сайхан, амьдралын агшныг дагнан хальснаа буулгадаг бөгөөд 2023 оны энэхүү уралдааны “Монгол ахуй” төрөлд “Баатар” бүтээлээрээ III байр эзэлж байжээ. Уралдааны гурван төрөлд ялагчдыг танилцуулбал:

   "Үзэсгэлэнт байгаль" төрөл. I байр Б.Эрдэнэбулганы "Байгальтайгаа зохицон амьдрагчид”. II байр Б.Эрдэнэбулганы "Диваажинд амьдрахуй дор". III байр Швейцарын зурагчин Эрик вон Шүлтэссийн "Тэнгэрийн заадас дорх хүрхрээ".

   "Ахуй" төрөл. I байр Э.Буянзаяагийн "Хайрын мадригал". II байр Б.Эрдэнэбулганы "Бүргэдийн анчид". III байр М.Ганзоригийн "Өглөө".

   "Зэрлэг амьтан" төрөл. I байр Г.Батсүхийн "Ой дахь чимээ". II байр Э.Мөнхбаярын "Шунал". III байр Б.Баатарсүрэнгийн "Говийн зэрлэг адуу".

   "Агаарын" төрөл. I байр Г.Батсүхийн "Нарны туяанд гялалзах тэмээн сүрэг". II байр Б.Эрдэнэбулганы "Байгалийн хээ". III байр Ж.Амартүвшингийн "Ойн гүн дэх модон байшин".  Харин тусгай байрыг Ц.Алтангэрэлийн "Тогорууны сүүдэр" зураг эзэлжээ.

   Уралдааны шүүгчдийн хурал 16-ны өдөр цахимаар болсон бөгөөд төрөл тус бүрд хамгийн өндөр оноо авсан 10 зурагт хэлэлцүүлэг хийснээр шилдгүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн ирэх пүрэв гараг буюу 20-ны өдрийн 17 цагт “Blue Mon Tower” дахь “Norphei Art Gallery”-д нээлтээ хийнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.